Мэдээний төрөл: Хууль, эрх зүй

Жонш олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн уулзалтаас “Зөвлөмж” гаргасан байна

alt

Монголын жоншны олборлогч, судлаачдын холбооны /МЖОСХ/ дэмжлэгтэйгээр Уул уурхайн яам /УУЯ/, Ашигт малтмалын газар /АМГ/ хамтран 2013.4.25-ны өдөр жонш олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт, зөвлөгөөн зохион байгуулсан бөгөөд уг уулзалтад УУЯ, АМГ, МЖОСХолбоо ТББ, Монголын экспортлогчдын холбоо ТББ, Монголросцветмет ХХК, Монголчехметалл ХХК, Кевин инвест ХХК-иуд илтгэл тавьж, мэдээлэл хийснээс гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төр, засгийн байгууллагуудын төлөөлөл оролцон хэлэлцүүлгийг өрнүүлж, санал бодлоо солилцсоны үндсэн дээр “Зөвлөмж” гаргасан байна. Уг Зөвлөмжид дараах зүйлийг тусгажээ. Үүнд:
• Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогод хайлуур жоншны үлдэгдэл нөөцийг бодитойгоор тогтоох арга аргачлалыг боловсронгуй болгож тооцох, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх, жоншны баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчныг нөхөн сэргээх зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь багтаасан бие даасан стратеги бодлогыг боловсруулж тусгах,
• Нөөцийг зүй зохистой ашиглахын тулд ордуудын техникийн нөхцөл, хүдрийн онцлог, шинж чанараас хамааруулан ашиглалтын систем, технологийг эдийн засгийн үр ашигтай нь уялдуулан сонгох, дэд бүтэцтэй холбоотойгоор хэтийн төлөвийг тодорхойлох,
• Хайлуур жоншны ордуудыг батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүйгээр сорчлон олборлохыг хуулиар хориглох,
• Бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн сайжруулах (цахиурын ислийн хэмжээг бууруулах), баяжмалыг боловсруулж дараагийн шатны эцсийн бүтээгдэхүүн болох криолит, фторт нэгдлүүд зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
• Нөөцийн төлбөрийг гэрээний үнээр төлөх,
• Монголд эрдэс баялгийн биржийг (мэдээллийн нэгдсэн систем) байгуулах замаар экспортын үнийн нэгдсэн бодлого явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх,
• Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Дархан хотын техникийн их сургуулийн Бор-Өндөр дахь салбар сургуулийг тус тус түшиглэн хайлуур жоншны салбарын мэргэжлийн инженер техникийн ажилтан, ажилчид, боловсон хүчнийг нэгдсэн бодлогоор бэлтгэх,

Мөн уг уулзалтаар дээрх асуудлуудыг нарийвчлан судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд, жонш олборлогч, экспортлогчдын төлөөллийг оролцуулан байгуулсан байна.
 

Эх сурвалж: Легас ХХК, Эрх зүйн мэдээллийн алба
www.legas.mn

 
Мэдээний төрөл: Хууль, эрх зүй

“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулга

2013.5.31-ний өдөр Уул уурхайн сайд Ганхуяг “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007.2.6-ны өдрийн 27 тоот тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  өргөн барьсан билээ. Уул уурхайн сайдын 2012 оны 85 тоот тушаалаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод нэмж хамааруулах ордыг судалж асуудал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын 2007 оны 27 тоот  тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан 39 орд, түүнчлэн 2007 оноос хойш хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон томоохон 25 ордыг судлаад ашигт малтмалын нөөц, чанар, дэд бүтцийн байдал, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр зэрэг үзүүлэлтийг харгалзан зарим ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах санал боловсруулсан байна. Үүний үндсэн дээр тогтоолын төсөлд  дор дурдсан нийт 7 ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд нэмж хамааруулахаар, нэр бүхий 2 ордыг хасах байдлаар тусгажээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд нэмж оруулах орд:

1

Хөшөөт

Чулуун нүүрс

Ховд,Дарви

Ордын хил хязгаарыг Засгийн газраас тогтооно.

2

Цайдамнуур

Хүрэн нүүрс

Төв,Баян

Ордын хил хязгаарыг Засгийн газраас тогтооно.

3

Гацуурт

Алт

Сэлэнгэ, Мандал

Ордын хил хязгаарыг Засгийн газраас тогтооно.

4

Мушгиа худаг

Газрын ховор элемент

Өмнөговь, Мандал-Овоо

Ордын хил хязгаарыг Засгийн газраас тогтооно.

5

Лугийн гол

Газрын ховор элемент

Дорноговь,Хатанбулаг

Ордын хил хязгаарыг Засгийн газраас тогтооно.

6

Хотгор

Газрын ховор элемент

Өмнөговь,Цогт-Овоо, Ханхонгор

Ордын хил хязгаарыг Засгийн газраас тогтооно.

7

Халзан-бүргэдэй

Газрын ховор элемент

Ховд,Мянгад

Ордын хил хязгаарыг Засгийн газраас тогтооно.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалаас хасах орд:

1

Цайдамнуур

Хүрэн нүүрс

Төв, Баян

Нөөцийн зэрэг С2-оос доош үнэлэгдсэн.

2

Лугийн гол

Газрын ховор элемент

Дорноговь, Хатанбулаг

Нөөцийн зэрэг С2-оос доош үнэлэгдсэн.

Түүнчлэн уг тогтоолын төсөл батлагдсанаар, тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудын хил хязгаарыг нарийвчлан тогтоож, ордыг иж бүрнээр ашиглах бодлого баримталж ажиллахыг ЗГ-т даалгасан байна.

 

Эх сурвалж: Легас ХХК, Эрх зүйн мэдээллийн алба
www.legas.mn

 
Мэдээний төрөл: Хууль, эрх зүй

"Шивээ-Овоо" компанийн хувьцааны ханш өсч, нэгж нь 7400 төгрөгтэй тэнцжээ

alt

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн Баасан гарагт нийт 14 компанийн 14.3 мянган ширхэг хувьцааг 24.3 сая төгрөгөөр арилжааллаа. Уг арилжаагаар топ 20 индекс өмнөх өдрөөсөө 0.6 хувиар дээшилж, 13835.84 нэгжид хүрсэн бөгөөд долоон компанийн хувьцааны ханш өсч, дөрвөн компанийнх буурч, гурвынх нь тогтвортой байлаа. Түүнчлэн нийт 75 хэлцэл хийгдсэн ба эдгээрээс "А" самбар дахь "Шивээ-Овоо" компанийн хувьцааны ханш хамгийн их буюу 7.2 хувиар өсч, нэгж нь 7400 төгрөгтэй тэнцсэн байна. Харин "Зоос гоёл" компанийн хувьцаа 12.8 хувиар буурснаар 955 төгрөг болжээ.

 

Эх сурвалж: Легас ХХК, Эрх зүйн мэдээллийн алба
www.legas.mn

 
Мэдээний төрөл: Хууль, эрх зүй

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмыг шинэчлэн баталжээ

alt

Хууль зүйн сайдын тушаалаар Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмыг 2013.5.31-ний өдөр шинэчлэн баталсан билээ. Энэ талаар Хууль зүйн яамнаас Замын цагдаагийн газартай хамтран өнөөдөр буюу 2013.6.4-ний өдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэлд дурдагсанаар, 2013.7.5-ны өдрөөс хэрэгжиж эхлэх уг шинэчилсэн журмаар Замын цагдаагийн газраас олгож байсан тусгай дуут болон гэрэл дохио олгох зөвшөөрлийг нийслэлд ЦЕГ-ын дарга, аймагт Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, хэлтсийн дарга олгож, холбогдох нэгдсэн бүртгэлийг ЦЕГ хөтлөхөөр тусгасан бөгөөд тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглох шуурхай ажлын тээврийн хэрэгсэл нь шинэчилсэн журамд заасан өнгө будаг, таних тэмдэг буюу байгууллагын эмблемийн бичлэгтэй байна. Ингэснээр ямар байгууллагын тээврийн хэрэгсэл гэдгийг шууд таних боломж бүрдэж байгаа юм. Харин хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг шуурхай ажлын болон тусгайлан тоноглох төрийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд шинэ журмаар Дотоодын цэрэг /хөх-улаан/, Төрийн тусгай хамгаалалт /хөх/, Онцгой байдлын шуурхай албаны бүх төрлийн тээврийн хэрэгсэл, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх /улаан/, Байгаль хамгаалах, хот тохижилт, чирэгч, ачигч, техникийн хяналт болон замын арчлалт үйлчилгээний /ногоон/ байгууллагыг тус тус нэмж тусгажээ.

Мөн зөрчлийн улмаас хураагдсан дуут болон гэрэл дохиог ЗГ-ын 1995 оны 131 тоот тогтоолоор баталсан “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-ын дагуу шийдвэрлэхээр зааснаас гадна цаашид тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавих ба хэрэглэх MNS4979:2000 стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийн 29 дүгээр зүйлийн Цагдаагийн байгууллагын хөтлөх тоо бүртгэлийн баримт бичигт “Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгслийн талаар” бүртгэл хөтлөх заалтыг нэмж оруулах саналыг хүргүүлэхээр боловсруулсан байна.
Дашрамд дурдахад, хуучин журмын дагуу ЗЦГ-аас 2012 онд 159 байгууллагад 211 тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгохдоо 56 хувь нь журамд заагдсанаар, 44 хувь нь журам зөрчин олгосон байна.

 

Эх сурвалж: Легас ХХК, Эрх зүйн мэдээллийн алба
www.legas.mn

 
Мэдээний төрөл: Хууль, эрх зүй

Хууль, эрх зүйн мэдээний товъёог:

• Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж байна.
• “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн, дэмжлээ.
• “Улаанбаатарын Тунхаглал”  НҮБ-ын албан ёсны баримт бичиг болж, таван хэл дээр орчуулагдан дэлхий дахинаа түглээ.
• Монголбанк 2013.6.4-ний өдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
• Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмыг шинэчлэн баталжээ.
• Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас 2013.4.25-ны өдөр жонш олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаас гаргасан зөвлөмжийг танилцуулж байна.
• Иргэний эрх зүйн чиглэлээрх “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр бичих аргачлал” сэдэвт сургалт 2013.6.3-ны өдрөөс эхэллээ.
• "Шивээ-Овоо" компанийн хувьцааны ханш өслөө.
• 58 тэрбум төгрөгийн хохирлын нэхэмжлэлтэй “Тавантолгой” компанид холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно.
• Монгол улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан 246 иргэнийг албадан гаргалаа.
• “JOB FAIR-2013” ажлын байрны үзэсгэлэн яармаг 2013.6.6-6.7-ны өдрүүдэд Чингис хаан зочид буудалд зохион байгуулагдахаар болжээ.

 

Эх сурвалж: Легас ХХК, Эрх зүйн мэдээллийн алба
www.legas.mn

 
Мэдээний төрөл: Хууль, эрх зүй

Төрийн өмчийн хорооны удирдлагууд Эрдэнэт хот дахь Төрийн өмчит хувьцаат компаниудын үйл ажиллагаатай танилцлаа

alt

МУ-ын ЗГ-ын  тохируулагч агентлаг болох Төрийн өмчийн хороо (ТӨХ) нь Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, хамтарсан үйлдвэр, улсын үйлвэр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, дүгнэж,  харьяа байгууллагуудаа дэмжин ажиллах, цаашид эдийн засгийн үр ашиг бий болгох зорилгоор нийслэл болон хөдөө орон нутгийн төрийн өмчит хэд хэдэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж эхлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд ТӨХ-ныхон Эрдэнэт хот дахь Төрийн өмчит хувьцаат компаниудын (ТӨХК) ажил байдалтай танилцлаа. 

Тэд  Эрдэнэтийн ДЦС,  Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Орхон-Азза  зэрэг ТӨХК-иуд  дээр  ажилласан бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүдээс Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь улсын хэмжээнд үйлдвэрлэдэг нийт хүдрийн олборлолтын 90 орчим хувь буюу 26 тонн хүдрийг дангаараа үйлдвэрлэх хүчин чадалтай  юм байна. Уг үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг  МУ-ын ЗГ, 49 хувийг ОХУ-ын ЗГ эзэмшдэг ажээ. 

Түүнчлэн ТӨХ-ны удирлагууд ил тод нээлттэй байх үүднээс алдагдалтай ажиллаж байгаа 24 компанийг зарласан бөгөөд Эрдэнэт үйлдвэр энэ оны нэгдүгээр улирлын байдлаар  382 тэрбум төгрөгийн өртэй, 132 тэрбумын бараа материалын үлдэгдэлтэй байгаа юм байна. 
ТӨХ-ны удирдлагуудын дурдсанаар, тус үйлдвэр алдагдлаа багасгах арга хэмжээ авахад анхаарах гол  асуудал бол геологийн хайгуулын ажил бөгөөд алдагдалтай ажиллаж байгаа 24 үйлдвэрийн менежментийг сайжруулах хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Мөн энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирлагууд  “Совет”-ийн хуралдаанаас өгсөн тодорхой үүрэг даалгаварын дагуу  геологийн ажлын шинэчлэлд эргэлтийн том алхам хийх үүднээс бэлтгэсэн холбогдох материалаа ТӨХ-ны даргад гардуулан өгсөн бөгөөд үйлдвэрийн алдагдлыг багасгах үүднээс  геологи хайгуулын ажилдаа 8,8 сая доллар зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.


Эх сурвалж: Легас ХХК, Эрх зүйн мэдээллийн алба
www.legas.mn

 
Мэдээний төрөл: Хууль, эрх зүй

МУ-ын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн танилцуулга

alt

Сангийн сайд Ч.Улааны 2013.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн МУ-ын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  2013.5.23-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн ба чуулганаас хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлж, байнгын хорооноос хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, 2013.5.24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлснээр гишүүдийн 59.2 хувь нь дэмжиж, уг хууль батлагдсан билээ.

Энэхүү хуульд МУ-ын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг дор дурдсанаар баталсан байна.

Эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төсвийн хүрээний мэдэгдэл

Төсвийн төсөөлөл

2014 он

2015 он

2016 он

1

Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/

14.7

11.8

14.6

2

Хэрэглээний үнийн индексийн дундаж түвшин

6.0

6.0

6.0

3

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/

7,270.0

8,210.6

9,456.9

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

35.0

32.1

30.4

4

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/

7,686.3

8,721.8

10,079.8

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

37.0

34.1

32.4

5

Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /хувь/

3.2

13.5

15.6

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

1.2

4.1

4.4

6

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/

-416.3

-511.2

-622.9

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

-2.0

-2.0

-2.0

7

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/

2,299.5

2,809.8

3,246.3

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

11.1

11.0

10.4

8

Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/

8,314.0

10,198.9

11,930.4

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

40.0

39.9

38.3

9

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/

277.7

298.8

318.8

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

1.3

1.2

1.0

Гадаад болон дотоод орчны эерэг нөлөөллийн үр дүнд манай улсын эдийн засаг энэ онд 16.0 хувиар өсөх төлөвтэй байгаа учир хууль санаачлагчийн зүгээс дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 2014 онд 14.7 хувь, 2015 онд 11.8 хувь, 2016 онд 14.6 хувь байхаар төсөөлж уг хуулийг боловсруулсан байна. Манай улсын төсвийн алдагдал нэмэгдэж, орлого өндөр байгаа учир цаашид төсвийн бодитой төлөвлөлтөд анхаарах, олон талаас нь тооцоотой, нарийн авч үзэх шаардлагын үүднээс тус хуулийг баталсан нь төсвийн орлогыг үр ашигтай зарцуулахад чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн уг хууль батлагдсанаар Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2014 оны төсвийн хязгаар болон МУ-ын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: Легас ХХК, Эрх зүйн мэдээллийн алба
www.legas.mn

 
Мэдээний төрөл: Хууль, эрх зүй

“Тавантолгой" компанийн хувьцааны ханш буурчээ

alt

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн ордоос нүүрс олборлодог “Тавантолгой" компанийн хувьцааны ханш энэ оны эхээр 8800 төгрөг байсан бол өнгөрсөн долоо хоногт 2500 төгрөг болж, 3.5 дахин буурчээ. "Тавантолгой” компани сүүлийн зургаан жил дараалан үйл ажиллагааныхаа ашгаас ногдол ашиг тарааж буй бөгөөд хөрөнгө оруулагчид нь ногдол ашгаас гадна хувьцааны ханшийн өсөлтөөс өндөр өгөөж хүртэж ирсэн юм. Тус компанийн хувьцааны ханш нэрлэсэн үнээсээ 1000 дахин өсөж байсан бол ашгийнхаа дийлэнхийг хөрөнгө оруулагчдадаа хуваарилж буй гэнэ. Тухайлбал, энэ жил 72 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хөрөнгө оруулагчид нь хуваан авах төлөвлөгөөтэй байгаа ба  хувьцаа нь өгөөж сайтай байгаа ч ханш огцом буурч буй нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Тэд "Олборлолтын талбайн нүүрсний нөөц нь багасаж, өндөр зардалтай болж байгаа нь хувьцааны ханш буурах шалтгаан болсон" гэж дүгнэж байна.

 

Эх сурвалж: Легас ХХК, Эрх зүйн мэдээллийн алба
www.legas.mn

 
Мэдээний төрөл: Хууль, эрх зүй

“Кincora Copper” компани "Хүрэл Үнэг" ордод хайгуулын ажлаа эхлүүлсэн тухайгаа мэдээлжээ

alt

Торонтогийн биржид бүртгэлтэй “Кincora Copper” компани Монгол дахь өөрийн эзэмшлийн "Хүрэл Үнэг" ордод энэ онд хийх хайгуулын ажлаа эхлүүлсэн тухайгаа олон нийтэд мэдээлжээ. Тус компанийнхан өмнөх онд хийж байсан судалгааны дүнгээр дээрх төслийн талбайд 0.8-1 хувийн зэсийн агууламжтай хүдэр, нэг тонн зэсийн хүдэрт 0.19 грамм алт бий гэж дүгнэж байжээ. Энэ удаагийн судалгаагаар нөөцийг дахин батлахаар төлөвлөж, тодорхой хэсэгт зэсийн хүдрийн агууламж өндөр байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа “Кincora Copper”-ийн ерөнхийлөгч Сэм Спринг илэрхийлсэн ба тэрээр "Судалгааны эхний хэсэгт ордын судлыг тогтооход анхаарсан. Цаашид энэ ордоос өндөр агууламж бүхий хүдэр олборлоно гэж найдаж байгаа" хэмээн дурджээ.

"Хүрэл Үнэг" орд  нь Монголын зүүн өмнөд хэсэгт, Оюутолгойгоос 140 км зайд оршдог байна.

 

Эх сурвалж: Легас ХХК, Эрх зүйн мэдээллийн алба
www.legas.mn

 
Мэдээний төрөл: Хууль, эрх зүй

Манай улсад Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Роналд Кеннет айлчлал хийхээр боллоо

alt

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний урилгаар Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Роналд Кеннет Нобель, Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны дэд дарга Александр Анатольевич Гридчиний хамт 2013.6.12-6.13-ны өдрүүдэд манай улсад анх удаа албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд Олон улсын интерполын төв байгууллага МУ-ын Хууль зүйн яам болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах талаар санал солилцох юм байна.

Интерпол нь өөрийн гишүүн 190 оронд байрлах Үндэсний төв товчоогоор дамжуулан цагдаа болон хууль сахиулахын байгууллага хооронд гэмт хэргийн талаар мэдээ, мэдээлэл солилцох, гэмт этгээдийг эрэн сурвалжлах үүрэг бүхий байгууллага юм. Интерполын Үндсэн хуульд зааснаар тус байгууллага "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ын үзэл санаа, улс гүрнүүдийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд эрүүгийн цагдаагийн бүх байгууллагуудын нягт хамтын ажиллагааг хангаж, хөгжүүлэх, эрүүгийн бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд үр ашигтай туслалцаа үзүүлж чадахуйц байгууллагуудыг үндэслэж, хөгжүүлэх зорилготой аж. Харин улс төр, цэрэг, шашин, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой асуудалд ямар нэг байдлаар оролцохыг Үндсэн хуулиараа хатуу хориглодог юм байна.

Дашрамд дурдахад, манай улс 1991 оны 11 дүгээр сард Уругвай улсад зохион байгуулагдсан Интерполын Ерөнхий ассамблейн 60 дугаар чуулганы үеэр Интерполд элсэн орсон 155 дахь гишүүн орон болж байсан билээ.

 

Эх сурвалж: Легас ХХК, Эрх зүйн мэдээллийн алба
www.legas.mn

 

Site Visitors

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterToday812
mod_vvisit_counterYesterday6535
mod_vvisit_counterThis week8178
mod_vvisit_counterLast week4384
mod_vvisit_counterThis month7347
mod_vvisit_counterLast month18578
mod_vvisit_counterAll days104118

We have: 7 guests, 7 bots online
Your IP: 54.87.44.72
 , 
Today: Sep 02, 2014

Registering your email address will receive you a new message

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Our business hours

Monday to Friday
8am - 5pm